Идэр есийн хүйтэн үргэлжилж байгаа ч өмнийн говьд нарлаг, дулаахан. Нар ээж, салхи тогтсон энэ өдөр говийн тэмээчид нутаг нутгаас Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо цуглалаа. Үнэгэн лоовууз, арьсан хүрэм, монгол гутал, хэт хутга, гоёл зүүсгэлээс эхлээд унаж буй тэмээгээ хүртэл ижилсүүлж гоёсон малчид их талын дунд цуглах нь хээнцэр болоод сүрдэм. Цав цагаан цасаар хучигдсан анир чимээгүй талд үс зогдор нь ургаж гүйцсэн атан тэмээг өнгө ижилсүүлэн унахын зэрэгцээ монгол үндэстний дээл хувцас, гоёл зүүсгэлээр гангарсан малчид тал талаас ийн цуглахад тэд чинь аргагүй л энэ нутгийн эзэд шүү дээ хэмээх бахархал төрнө. Тэдний баяр, бахархал дүүрэн инээд, ямар нэг зүйлд хөөрч, догдолж буй мэт байдал төрх нь өнөөдөр энгийн нэг өдөр биш, өв соёлоороо гайхуулж, гангарах өдөр гэдгийг илтгэх аж
Баярын эхний өдөр “Шилдэг цагаан идээ” үзэсгэлэн худалдаа, Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Тэмээний тухай магтаал хэн сайн хэлэх вэ” магтаал уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Хоёрдох өдөр Тайлаг тэмээний уралдаан болж байв. эвч үзэгчид тайзан дээр албан ёсны арга хэмжээ үргэлжилж байх хооронд зүүн талд эгнэж зогссон тэмээтэй хосуудыг сонирхож, зураг хөргөө татуулж эхлэв. Хөтөлбөрийн дагуу нээлтийн арга хэмжээний дараа үндэсний дээл хувцас, тэмээгээр гоёсон “Тэмээтэй сайхан хос” шалгаруулах тэмцээн боллоо. Сайхан хосын тэмцээнд ихэр цагаан атнуудаа тором байхаас нь эхлээд найм дахь жилдээ оролцож байна. 2021, 2022 онд энэ төрөлдөө тэргүүн байр эзэлж байсан тул жил бүр тэмээнийхээ гоё чимэглэл, хувцас хэрэглэлээ нэг нэгээр нь шинэчилж оролцдог гэсэн юм. Хамгийн гол нь тэд бүх гоёл чимэглэл, эдлэл, тэмээний тоног хэрэгслээ өөрсдийн гараар тэмээний ноосон утас болон эсгийгээр урладаг. Энэ жил л гэхэд ногтны гоёл, домбо болон буйл, идээний уут, суран бугуйл зэргээ монгол уламжлалын дагуу гар аргаар шинээр урлаж хийсэн байлаа. Харин өөрсдөө минжин хүрэм, чонон дах, булган малгай, хар угалзтай цагаан монгол гутлаа гангарсан нь хурсан олны хараа булаана. Үүнээс гадна гаанс, хэт хутга, мөнгөн аяга, шанх, ээмэг зүүлт зэргээр зохион байгуулагчдаас зааж өгсөн шаардлагын дагуу хувцас хэрэглэлээ бэлтгэж, өмсжээ.
“Шүүгчдийн хувьд аяганы уут, хэт хутга, хормойн боолт зэргийг уламжлалт талаас нь харж шүүсэн. Энэ тэмцээнийг зохиож эхэлснээр хосууд жилээс жилд уламжлалт ахуй соёл, эдлэл хэрэглэлийнхээ тухай өргөн мэдлэг, ойлголттой болж, хувцас хэрэглэл нь улам сайжирч байна” гэж тэмцээний шүүгчид ярилцаж байлаа.
Энэчлэн Монгол үндэстний өв соёл уламжлалаа сэргээн хөгжүүлж, олон нийтэд таниулан сурталчилж, өв соёлоороо бахархсан хоёр өдөр өмнийн говьд зохион байгуулагдлаа. Хоёр өдрийн хугацаанд тэмээний бүх насны уралдаан, богинын зайн уралдаан, сайхан хэрэгсэлтэй ат, сайхан буур, сайхан ингэ зэрэг 11 гаруй арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, ирсэн зочид гийчдэд тэмээн соёлын гайхамшиг, монгол өв соёлоо гайхуулав. Ингээд зогсохгүй “Тэмээний баяр-2025”-аар дамжуулж, сүү цагаан идээгээ борлуулах, тэмээний түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой.
Хоёр өдөр үргэлжилсэн “Тэмээний баяр-2025”-ын хаалтын үйл ажиллагаа болж, наадам өндөрлөх үеэр тал нутгийн нар ээсэн, дулаахан өдөр дуусаж хүйтэн салхи хуйсагнасан, явган салхитай орой боллоо. Холоос ирсэн зочид, гийчид тус тусын машиндаа суугаад наадам хаахтай зэрэгцэн явж одов. Харин өөрсдийн ахуй амьдрал, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн тэнэгэр говийн тэмээчин, малчид эзэн хүний ёсоор гар даллан үдэж, хүйтэн жавар,явган салхийг үл ажран үлдсэн юм. “Тэмээний баяр-2025”-ын гол баатар нь, утга учир нь тэд байлаа.