Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран 2019 оны 04-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “Бласт” компанийн төлөөлөл хуульд заасан үүргээ биелүүлэн амжилттай оролцлоо.
2019 оны 04-р сарын 24-ны 07:00 цагт эхэлсэн сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд 116 байгууллагын 4400 гаруй хүн оролцсон бөгөөд “Бласт” ХХК-ийн хувьд 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү иж бүрэн сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргаа болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдал, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой байгууллага иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн болно.
2019 оны 04-р сарын 24-ны 09:00 цагаас сургуулийн нэг хэсэг болох Команд штабын дадлага сургууль “Крокус эвент холл” төвд эхэлсэн бөгөөд тус арга хэмжээнд “Бласт” ХХК-ийн зүгээс 3 хүний бүрэлдэхүүнтэй “Инженер тэсэлгээний мэргэжлийн анги”-аар томилогдон оролцлоо.
2019 оны 04-р сарын 20:00 цагт “Крокус эвент холл” төвд сургуулийн хаалт болсон бөгөөд, сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр тус сургуулийг “Дүүрэн хангалттай” гэж дүгнэн, оролцсон нийт байгууллага, хамт олныг шагнаж, урамшууллаа.