“Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи, Аюулгүй ажиллагаа-2021” онол Практикийн бага хурал

Энэ сарын 11-12-ний өдрүүдэд “Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бага хурал  “ТЭСЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-2021”  нэртэйгээр зохион байгуулагдсан ба Бласт компани “Мөнгөн спонсор”-оор хамтран ажилласан билээ.

Хуралд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, салбарын мэргэжилтэн, судлаач, тэсэлгээчид оролцон, тэсэлгээний салбарт төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчин болон тэсэлгээний ажлын технологи, аюулгүй ажиллагаа, тэсэлгээний салбарт цар тахлын улмаас тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, шийдлүүдийн талаар хэлэлцэн харилцан туршлага солилцож, Бласт, Аустин Детонатор, Оюу Толгой, МЕРА зэрэг компанийн 14 илтгэл хэлэлцсэнээс тус компанийн Ерөнхий хими технологич Дамдинсүрэнгийн Батцэнгэл “ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ЭМУЛЬСЖҮҮЛЭГЧИД ХИЙСЭН СУДАЛГАА”-ний талаар танилцуулсан ба судалгааны гол зорилго нь эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг эмульсжүүлэгчүүдэд тэсрэлтийн хурд болон амьдрах чадварын туршилтыг хийн, үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой эмульсжүүлэгчийг тогтоон, үр дүнг тодорхойлох байсан.  

Мөн “Тэсэлгээний салбарт төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчин”, "Тэсэлгээний ажлын технологи, аюулгүй ажиллагаа" сэдвээр хэлэлцүүлэг хийгдэн, “Bat solution Partner” ХХК-ний УЗ-ийн дарга В.Ганзориг “Манлайллын сургалт”-ыг   цахим хэлбэрээр зохион байгуулснаар өндөрлөсөн билээ.

Дэлхий нийтээр тулгарч буй Ковид-19 цар тахлын нөлөөлөл бүхий л салбарт хамарч, хүнд хэцүү цаг үеийг бид даван туулж байгаа хэдий ч томоохон хурал зөвлөгөөн, арга хэмжээнүүд цаг үеэ даган цахимд шилжиж байгаа нь хурлын үйл ажиллагааны идэвхийг нэмэгдүүлэн, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлж байгаа давуу талтай харагдаж байна.