БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“Бласт” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хийгддэг ажлуудын нэг болох “Биотехникийн арга хэмжээ”-г 2024 оны 01 сарын 07 өдөр  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Тост Тосон Бумбын Нурууны Байгалийн Нөөц Газрын Хамгаалалтын Захиргаа”-тай хамтран Тосон бумбын “Мөстийн ам” гэх газар 2 цэгт зохион байгуулан, хамтран ажиллалаа.

Энэхүү ажлын хүрээнд уурхайн бүсээс нэг талдаа 120 км зайд өндөрлөг газруудад зэрлэг амьтдад өвсөн тэжээлийг тараан байршуулсан бөгөөд машин техник явах боломжгүй цэгүүдэд өөрсдийн биеэр зөөвөрлөн хүргэсэн.

Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг "биотехникийн арга хэмжээ" гэж хэлдэг бөгөөд өөрөөр хэлбэл цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандын мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлдэг.

Зуны цагт бороо хургүй жилүүдэд  сөл өвс бага учраас уулын туруутан амьтад өвс тэжээлээ олж идэхэд хүндрэлтэй байдаг учир энэхүү “биотехникийн арга хэмжээ” нь ихээхэн ач холбогдолтой байдаг билээ.