ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

2026 оны 03 сарын 22 Дэлхийн усны өдрийг угтан “Ирээдүй үедээ усаа үлдээе” уриан дээр ус, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, усны өдрийг таниулан сурталчлах зорилготой 4 салбар дээр тус бүр амжилттай зохион байгуулж олон нийтийн оролцоог бодитоор нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

  • 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын ЗДТГ-тай хамтран “Нэгдүгээр” сургуулийн 45 сурагчид
  • 03 сарын 04 нийслэлийн Налайх дүүргийн 9р хороо, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран 109 дүгээр сургууль хамтран 40 сурагчдад,
  • 03 сарын 11 өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Тост тосон бумба байгалийн нөөц газрын захиргаа”, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”- тэй хамтран хамтран 60 иргэдэд
  • 03 сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Мөрөөдөл” сургуулийн 40 сурагчид

Арга хэмжээний хүрээнд усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хуванцар савны хэрэглээний сөрөг үр дагаврыг бодит жишээ, баримтат мэдээллээр хүргэж, оролцогчдод гүн ойлголт өгсөн юм. Мөн “эрүүл эко сав”-ны үзэсгэлэн, баримтат кино үзүүлбэр, практик зөвлөмжүүд нь оролцогчдын өдөр тутмын хэрэглээнд шууд нөлөөлөхүйц ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн нэг удаагийн хуванцар хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэх зорилгоор сургалтад хамрагдсан сурагч бүрд дахин ашиглах боломжтой усны сав бэлэглэсэн нь зөв хэрэглээг хэвшүүлэх бодит алхам болсон юм.

Цаашид энэхүү хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж, иргэд, хүүхэд залуучуудын оролцоог улам нэмэгдүүлэх замаар усны нөөцийг хамгаалах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна. Ус бол зөвхөн байгалийн баялаг төдийгүй хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс билээ.

Ус бол амьдралын эх булаг.
Ирээдүй үедээ усаа үлдээцгээе.