Ойн сан ногоон байгууламжийг дэмжин ажиллана

Бласт ХХК  2010 оноос хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын байгаль орчны  газрын баг бүрэлдэхүүн болон сумын мод үржүүлгийн газрыг дэмжин жил бүр орон нутагт 100-300 ширхэг мод тарьж арчлан ургуулж байна. Гол зорилго нь эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт  Монгол зан заншлаа дээдэлж,  хүн бүр байгаль хамгаалах нөхөн сэргээхэд гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, олон нийтийн мэдлэг ухамсарыг дээшлүүлэх, ойн сан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Говийн цөлжилтийг барьж, тогтоодог хамгийн тустай мод заг бөгөөд үндэс нь хөрсөн доогуур гүн ургаж, нүүж буй элсний тархалтыг зогсоодог байна. Мөн заг модноос гадна сухай,  хайлас, улиас, жигд  гэх мэт мод тарьсан бөгөөд  эдгээр модлог ургамал нь говь , цөлийн нутагт тохирсон элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах сайн талтай.

Заг мод: 

Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтойгоос гадна дэлхийн дулаарал, хөрсний бохирдол, усны хомсдол, цөлжилт, шороон шуурга гээд байгаль экологитой холбоотой олон тулгамдсан асуудлыг заг“шийдэж” байдаг. 

Сухай:

Сухай бол жинхэнэ цөлийн ургамал бөгөөд элс бэхжүүлэх чадвар өндөртэй.  Сухай нь хар ногоон өнгийн хайрс маягийн навчтай, маш нягт хатуу, гоёмсог, хээлж судалсан модлогтой, гэрэлд дуртай халуун ба хужир давс сайн тэсвэрлэдэг , жинхэн цөлийн говийн ургамал юм. Зарим зүйлийн сухай нь жилд 2-3 удаа цэцэглэх тул говь, цөл нутгийн төв суурин газрын цэцэрлэгжүүлэлтэд  чимэглэлийн өндөр ач холбогдолтойд тооцогддог. Сүүлийн үед говь, хээр нутгийн зарим ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сухайг хамгаалалтын зурвас хэлбэрээр болон амьд хашлага болгон тариалсан нь үр дүнтэй болж байна. 

Хайлаас:

Хайлаас нь Монгол орны хангай , говь, хээрийн бүсэд ургадаг томоохон сөөг хэлбэртэй мод юм.  Хайлас нь ганд тэсвэртэй , сайтар услаж арчлахад үндэснээсээ амархан сэргэн ургадаг. Түүнчлэн эгнүүлж тариад жил бүр танаж засаж ногоон хашлага болгоход нэн тохиромжтой. Иймээс хайлаасыг хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ойн зурвас байгуулах,  элсэрхэг нутгийг ойжуулах зэрэг олон төрөлд ашиглаж болно.  

Улиас:

Манай оронд лавар навчит улиас, анхилам улиас зонхилон ургадаг ба сүүлийн жилүүдэд улиасыг ойжуулах, хөрс сайжруулах, төрөл бүрийн хамгаалалтын зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах, цөлжилтийг буулуулах зэрэгт өргөн ажиглаж байна.

Улиас нь Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг, хөхөвтөр саарал ногоон холтостой навчит мод. Далайн төвшнөөс дээш 1100-2000 гаруй метрийн өндөрт ургах чадвартай. Харилцан адилгүй ч ихэвчлэн богино насалдаг, харин хурдан ургаж орчноо ногооруулдаг. 

Жигд:

Жигд бол жинхэнэ цөлийн ургамал бөгөөд цөл, говийн элст баян бүрд, марзтай хотгор, элсэн манханы дундах чийглэг хонхор,  уулын ам хавцлын задгай ус, булаг шандын зах хөвөө орчмоор давсархаг газар ургана. Жигд  нь говь,  цөл нутгийн элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжүүлэх,  ойн зурвас байгуулах, төв суурин газруудын гудамж талбайг чимэглэх зорилгоор тарьж ургуулахад нэн тохиромжтой модлог ургамал юм. Жигдийн байгаль дахь  нөөц багассан төдийгүй өөрөө сэргэн ургахад архах хүрээ тун хязгаарлагдмал байгалын нөөц нь тун багассан  төдийгүй өөрөө сэргэн ургах нөхцөл бүрдэхгүй байгаа тул түүнийг тарьж ургуулж удмын санг хамгаалах шаардлагатай байгаа билээ.